Зорилго

Монголын Санхүүгийн Зах Зээлийн Холбоо нь 2004 онд мэргэжлийн дилерүүдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан юм. Холбооны үндсэн зорилго бол Монголын санхүүгийн захын хөгжлийг дэмжих явдал юм. Өнгөрсөн хугацаанд тус холбоо нь санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн нөлөө бүхий, өргөн хүрээг хамарсан төрийн бус байгууллагуудын нэг болон өргөжсөн билээ.

Сургалт

Манай холбоо нь олон нийтийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор маш өргөн хүрээтэй ажиллаж ирсэн ба сэтгүүлч нарт анх санхүү эдийн засгийн боловсролыг үнэ төлбөргүй олгож эхэлсэн түүхтэй. Мөн мэргэжлийн дилерүүд, санхүүчдийг бэлтгэх зорилгоор олон улсын Ройтерс, Блүүмберг агентлагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллаж олон арван сургалтуудыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулжээ. 2004 оноос хойш тус холбооны зохион байгуулсан сургалтуудад олон мянган мэргэжилтнүүд хамрагдсан нь бидний бахархал билээ.

Ажлууд

Монголын Санхүүгийн Зах Зээлийн Холбоо нь дараах амжилт бүтээлүүдийг гаргасан түүхтэй. Үүнд:

  • 2004 онд дилерүүдийн мэргэжлийн ёс зүйн баримт бичиг болох "Улаанбаатарын Кодекс"-г нэвтрүүлснээр Монгол улсын түүхэнд анх удаа дилерүүд өөрсдийн ёс зүйн дүрэмтэй болсон юм
  • 2006 онд төгрөгийн бенчмарк хүү болох UBIBOR индексийг Ройтерстой хамтран нэвтрүүлснээр Монгол улсад гадаадаас төгрөгийн санхүүжилт татах үүд хаалгыг нээж байв. Мөн энэ оноос холбооны төлөөлөл Ө.Ганзориг Санхүүгийн зохицуулах хорооны бодлогын зөвлөлд суух болов
  • 2007 онд Хонг Конгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал болон бусад албаны хүмүүсийг Монгол улсад урьж Монголын компаниуд олон улсын бирж дээр гарах үүд хаалгыг нээв
  • 2008 онд "Монгол улсыг эдийн засгийн эрсдэлээс хамгаалах баримт бичиг" зөвлөмжийг Монгол улсын засгийн газарт бэлтгэн өгөв
  • 2009 оноос Хэрэглэгчийн хүлээлтийн индексийг улирал бүр тооцож эхэлснээр Монгол улсын түүхэнд эдийн засгийн цоо шинэ индикатор мэндэлсэн билээ
  • 2012 оноос холбооны төлөөлөл буюу холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-н хараат бус гишүүнээр ажиллаж эхэлсэн
  • 2013 онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг боловсруулах, УИХ-аар оруулан батлуулахад холбоо нь шийдвэрлэх үүрэгтэй оролцов
  • 2013 оноос холбооны төлөөлөл буюу холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг нь Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж эхэлсэн
  • 2017 оноос эхлэн холбоо нь Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музейн менежментийг хариуцан ажиллаж санхүүгийн боловсролыг түгээж байна

Музей

Тус холбоо нь дэлхийд томд тооцогдох, Улаанбаатар хотноо байрлах Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музейн менежментийг хариуцан ажиллаж, олон нийтэд санхүүгийн боловсролыг түгээх ажлаа тасралтгүй хийж байна.

Клубүүд

Тус холбооны харьяанд 2009 онд Санхүү Эрхэлсэн Захирлуудын Клуб байгуулагдаж эгнээндээ Монголын хамгийн томоохон компаниудын санхүүгийн захирлуудыг нэгтгэсэн юм. Мөн 2011 онд бүх их дээд сургуулиудыг хамарсан Санхүүч Оюутны Клуб байгуулагдсан нь өнөөдрийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Санхүүч Оюутны Клуб нь жил бүр 300 гаруй оюутныг хамааруулсан тэмцээн уралдаан зохион байгуулах замаар оюутнуудын бизнес, эдийн засаг, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ажил хийж байна.